Төсөл хөтөлбөр

“ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ СУДЛАН ШИНЖЛЭХ ҮНДСЭН ДЭЭР НИЙГМИЙН ОЮУНЫ ЗАГВАРЫГ БОЛОВСРУУЛАХ САНААЧЛАГА” ХӨТӨЛБӨР

  1. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхээр зорилгоо тодорхойлсон боловч энэ нь хэт ерөнхий тодорхой бус байгаагаас иргэдийн дунд ойлголтын зөрүү их, улмаар үндсэн хуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд гажуудал үүсч болзошгүй байна.

Иймд Үндсэн хуулийн үзэл баримтлалаар тодорхойлсон нийгмийн загварын хэв шинжийг судлах, улмаар “Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго” болгож буй Үндсэн хуулийн үзэл санааг загварчлах замаар олон нийтийн ойлголтыг нэгдмэл болгох, уг зорилгыг хэрэгжүүлэхэд онол арга зүйн хувьд тус нэмэр болох явдал энэхүү хөтөлбөрийн ажлын зорилго болно.

  1. СЭДВИЙН СУДЛАГДСАН БАЙДАЛ

Анх 1999 онд УТБА-аас эрхлэн гаргасан “Монгол улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын асуудал” товхимол хэвлэгдсэн байдаг.

Үндсэн хуулийн эх баригч, эрдэмтэн Бяраагийн Чимидийн 2002 онд хэвлүүлсэн “Үндсэн хуулийн үзэл баримтлал” хэмээх онол-практикийн болон эрдэм шинжилгээний бага хурлуудад тавьсан илтгэл, өгүүлэл, ярилцлага, дурсамжаас бүрдсэн ном буюу судалгаа шинжилгээний бүтээл байна. Үүнийг Үндсэн хуулийн үзэл баримтлалын талаарх суурь бүтээл гэж үздэг.

П.Амаржаргалын 2015 онд хэвлүүлсэн “Үндсэн хуулийн эрх зүй, Парламентын онол үзэл баримтлалын асуудал” ном, МУҮХЦ-ээс эрхлэн хэвлүүлсэн “Үндсэн хуулийн эрх зүйн тулгамдсан асуудал” ном, 2017 онд “Үндсэн хуулийн эрх зүй: төрийн байгуулал, зарчим, үзэл баримтлал” ном, Үндсэн хуулийн өөрчлөлтийн эргэн тойронд” хэмээх ном хэвлэгдэн олны хүртээл болсон байдаг. Мөн Бяраагийн Чимидийн нэрэмжит Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний бага хурлаас шалгарсан илтгэлүүдийг нэгтгэсэн “Үндсэн хууль ба эрх зүйт ёс” 7 товхимол 2016 онд хэвлэгдсэн байна.

Эдгээр нь Үндсэн хуулийн үзэл баримтлалтын эрх зүйд холбогдох хэсэгт хамаарах бол нийгмийн онол арга зүйн шинжтэй Үндсэн хуулийн үзэл баримтлалыг тусгасан тодорхой судалгаа шинжилгээний ажил одоогоор алга байна. Харин нийгмийн тухай олон янзын онол арга зүйн судалгаа бий.

Үндсэн хуулийн үзэл баримтлалыг нийгмийн тодорхой загварт оруулан шинжлэх зорилготой, Монголын нөхцөлд тохирсон арга, арга зүйн судалгаа, шинжилгээний тодорхой ажил хараахан бий болоогүй байна.

 

 

Судалгааны зорилт:

  1. Монгол улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх нийгмийн тогтолцоонд системийн шинжилгээ хийж нийгмийн гажуудал үүсгэж буй суурь шалтгааныг тогтоох.

  2. Үндсэн хуулиар тодорхойлсон зорилгыг хэрэгжүүлэх чадвартай нийгмийн тогтолцооны тухай олон нийтийн ойлголтыг нэгтгэхэд дөхөм болохуйц загварын дүрслэл боловсруулах

Практик ач холбогдол:

  1. Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд үүссэн гажуудлын суурь шалтгааныг тогтоосноор түүнийг арилгах арга замуудыг тодорхойлох боломж бүрдэнэ.

  2. Үндсэн хуулиар тодорхойлсон зорилгыг хэрэгжүүлэх чадвартай нийгмийн тогтолцооны загварын дүрслэлийг бий болгосноор уг зорилгыг хэрэгжүүлэгч оролцогч талуудын ойлголтыг нэгтгэх үр дүнтэй хэрэгсэл бий болно.

  3. Үндсэн хуулиар тодорхойлсон зорилгыг хэрэгжүүлэх чадвартай нийгмийн тогтолцооны тухай нэгдмэл ойлголтыг бий болгосноор Үндсэн хуулиар тодорхойлсон нийгмийн эрхэм зорилгод итгэх олон нийтийн  итгэл нэмэгдэнэ.

Судалгааны шинэлэг тал:

Үндсэн хуулийн эрх зүйн орчинд системийн загвар ашиглан шинжилгээ хийж үзэж байгаад оршино.

СУДАЛГААНЫ БАГИЙН ГИШҮҮД