Энэ сарын 13-ны Пүрэв гарагт Залуу Судлаачдыг Дэмжих Сан ТББ, Гүнд Инвестмент ХХК хамтран зохион байгуулж буй "Сагсан бөмбөгийн Лигийн жишиг загварын суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь судалгааны явцын хэлэлцүүлэг олон нийтэд нээлттэйгээр амжилттай зохион байгуулагдлаа.  

Уг хэлэлцүүлэгт Биеийн тамир спортын газрын дарга, Нийслэлийн спортын хорооны мэргэжилтэнгүүд, сагсан бөмбөгийн шүүгч, дасгалжуулагч, тамирчид болон үзэгч сонирхогчид оролцон санал, сэтгэгдлээ хуваалцав. 

"Сагсан бөмбөгийн Лигийн жишиг загварын суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь" судалгаа нь 2 үе шат бүхий сонгон шалгаруулалтаар шалгарсан 12 өөр мэргэжлийн төлөөлөл бүхий 15 судлаачийн бүрэлдэхүүнтэйгээр 5-р сарын 7-ны өдрөөс эхлэн явагдаж байгаа бөгөөд явцын хэлэлцүүлэг болон үр дүнгийн хэлэлцүүлгүүдийг тус тус зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Энэ удаагийн явцын хэлэлцүүлэг үндсэн 3 хэсгээс бүрдсэн  ба эхний хэсэгт “Системийн Сэтгэлгээ” сэдвийн хүрээнд лекц (Залуу Судлаачдыг Дэмжих Сан ТББ-ын тэргүүн Д.Жаргалсайхан), хоёрдугаар хэсэгт "Сагсан бөмбөгийн Лигийн жишиг загварын суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь" судалгааны үндсэн танилцуулга (Залуу Судлаачдыг Дэмжих Сан ТББ -ын сургалтын менежер Ч. Оюу-Эрдэнэ), хэлэлцүүлгийн төгсгөл хэсэгт уг судалгааны багийн гэрээт судлаачдын төлөөлөл сагсан бөмбөгийн олон улсын шүүгч Б.Ганзориг, дасгалжуулагч Ч.Ижилболд, лигийн хөтлөгч, тайлбарлагч Г.Мижиддорж нар судалгааны багт орсон санал, сэтгэгдлээ хуваалцсанаар хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв.

Энэхүү судалгааны хэлэлцүүлэг нь залууст системийн сэтгэлгээний давуу талыг таниулах, Залуу Судлаачдыг Дэмжих Сан ТББ-ын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх зорилгын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд үр дүнд олон, олон үнэ цэнэтэй санал зөвлөмжүүд ирсэн бөгөөд, мөн түүнчлэн оролцогчид тус судалгааны ажлыг олон нийтэд таниулах ажил дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Судалгааны явцын хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж санал сэтгэгдлээ хуваалцсан мэргэжилтнүүд, шүүгч, дасгалжуулагч, тамирчид, судалгааны багийн гишүүд, үзэгч сонирхогчид болон хамтран ажиллагч байгууллагууддаа талархал илэрхийлж байна.



"Сагсан бөмбөгийн Лигийн жишиг загварын суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь" судалгааны явцын хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа