Logo
  • Hүүр хуудас
  • Бидний тухай
  • Судалгаа
  • Үйл ажиллагаа
  • Нийтлэл
  • Бидэнтэй холбогдох
Blog grid

Нийтлэл

  • Hүүр хуудас/
  • Нийтлэл

"Сагсан бөмбөгийн Лигийн жишиг загварын суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь" судалгааны явцын хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа

  • Aug. 17, 2020, 11 a.m.
  • byЭ.Уянга

Энэ сарын 13-ны Пүрэв гарагт Залуу Судлаачдыг Дэмжих Сан ТББ, Гүнд Инвестмент ХХК хамтран зохион байгуулж буй "Сагсан бөмбөгийн Лигийн жишиг загварын суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь судалгааны явцын хэлэлцүүлэг олон нийтэд нээлттэйгээр амжилттай зохион байгуулагдлаа.  

Уг хэлэлцүүлэгт Биеийн тамир спортын газрын дарга, Нийслэлийн спортын хорооны мэргэжилтэнгүүд, сагсан бөмбөгийн шүүгч, дасгалжуулагч, тамирчид болон үзэгч сонирхогчид оролцон санал, сэтгэгдлээ хуваалцав. 

"Сагсан бөмбөгийн Лигийн жишиг загварын суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь" судалгаа нь 2 үе шат бүхий сонгон шалгаруулалтаар шалгарсан 12 өөр мэргэжлийн төлөөлөл бүхий 15 судлаачийн бүрэлдэхүүнтэйгээр 5-р сарын 7-ны өдрөөс эхлэн явагдаж байгаа бөгөөд явцын хэлэлцүүлэг болон үр дүнгийн хэлэлцүүлгүүдийг тус тус зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Энэ удаагийн явцын хэлэлцүүлэг үндсэн 3 хэсгээс бүрдсэн  ба эхний хэсэгт “Системийн Сэтгэлгээ” сэдвийн хүрээнд лекц (Залуу Судлаачдыг Дэмжих Сан ТББ-ын тэргүүн Д.Жаргалсайхан), хоёрдугаар хэсэгт "Сагсан бөмбөгийн Лигийн жишиг загварын суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь" судалгааны үндсэн танилцуулга (Залуу Судлаачдыг Дэмжих Сан ТББ -ын сургалтын менежер Ч. Оюу-Эрдэнэ), хэлэлцүүлгийн төгсгөл хэсэгт уг судалгааны багийн гэрээт судлаачдын төлөөлөл сагсан бөмбөгийн олон улсын шүүгч Б.Ганзориг, дасгалжуулагч Ч.Ижилболд, лигийн хөтлөгч, тайлбарлагч Г.Мижиддорж нар судалгааны багт орсон санал, сэтгэгдлээ хуваалцсанаар хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв.

Энэхүү судалгааны хэлэлцүүлэг нь залууст системийн сэтгэлгээний давуу талыг таниулах, Залуу Судлаачдыг Дэмжих Сан ТББ-ын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх зорилгын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд үр дүнд олон, олон үнэ цэнэтэй санал зөвлөмжүүд ирсэн бөгөөд, мөн түүнчлэн оролцогчид тус судалгааны ажлыг олон нийтэд таниулах ажил дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Судалгааны явцын хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж санал сэтгэгдлээ хуваалцсан мэргэжилтнүүд, шүүгч, дасгалжуулагч, тамирчид, судалгааны багийн гишүүд, үзэгч сонирхогчид болон хамтран ажиллагч байгууллагууддаа талархал илэрхийлж байна.



Д.Жаргалсайхан: Бид мэдлэггүй, залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй учраас улс төрчдөд боломж олгоод байгаа юм

  • Feb. 27, 2020, noon
  • byЗСДС

-Нийгмийн загвар гэдэг ойлголтыг бид тэр бүр хэрэглээд байдаггүй.  Тэгэхээр энэхүү ойлголтыг хэрхэн тайлбарлах вэ?

-Эхлээд загвар гэж юу юм бэ гэдгээ ойлгохоос эхлэе. Загвар гэхээр олон хүний толгойд гунхсан, ганхсан загвар өмсөгч үзэсгэлэнтэй хүүхнүүд буух байх. Гэтэл үнэн хэрэг дээрээ загвар өмсөгч нь биш өмсөж байгаа хувцас нь тухайн зохион бүтээгчээс бусдад үзүүлж харуулахыг хүсээд байгаа загвар юм шүү дээ. 

Загвар гэдэг бол юуны өмнө хүний нүдэнд тусаж байгаа өгөгдлүүдээс бүрддэг. 

Энэхүү өгөгдлүүдийг хүний тархи боловсруулан, хоорондоо харилцан уялдаатай хэв шинжүүдэд хөрвүүлэн дүрслэлийн хэлбэрт оруулдаг. Өөрөөр хэлбэл, тухайн ойлголтыг нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэв шинжүүдийг логикийн зөрчилгүйгээр дүрслэлийн хэлбэрт оруулсаныг ойлголтын загвар гэж тодорхойлж болно.

Бид ямарваа нэг зүйлд зорьж яваа бол эхлээд заавал зорилгоо хэрэгжүүлснээр бий болох үр дүнгийн талаар тунгаан бодож загварыг нь гаргадаг шүү дээ. Байшин барих гэж байгаа бол эхлээд зурж, дараа нь цаас юм уу модон макетыг, төхөөрөмж хийх гэж байгаа бол түүнийхээ жижигрүүлсэн хувилбарыг эхлээд хийж үздэг. Энэ бол ямар ч зорилгыг  хэрэгжүүлэхэд зайлшгүй хэрэглэдэг арга юм. 

Энэ мэтээр бидний нүдэнд харагддаг, гарт баригддаг бүх зүйлийг ингээд дүрслэн загварчлахад хялбархан. Харин хийсвэр ойлголтуудыг загварчилж дүрслэхэд ихээхэн төвөгтэй. Учир нь тухайн хийсвэр ойлголтыг бүрдүүлж байгаа хэв шинжүүд нь байнга  өөрчлөгдөж байдаг  бөгөөд бас үзэмжийн шинж чанартай байдаг юм билээ.


-Гарт баригдахгүй хийсвэр ойлголтыг тэр дундаа нийгмийн тухай ойлголтыг загварчлах ямар хэрэгцээ, шаардлага байна вэ? 

-Оюун санаанд байдаг тэр олон хийсвэр ойлголтыг тодорхойлох нь нэн төвөгтэй. Жишээ нь гэр бүл, ажил, хайр дурлал гэсэн ойлголтыг дүрслэх гэхээр чаддаггүй. Дүрслэх оролдлогууд бий, тэр нь ижил төстэй хэв шинжтэй бусад бодит зүйлстэй зүйрлүүлж зурдаг арга юм. 

Хайр гэдэг ойлголтыг дүрслэх гээд орол л доо. Хайр нь бидний оюун санаанд л бий болсон дүрслэл, төсөөлөл юм. Энэ төсөөллийг шууд дүрслэн зурах боломжгүй учраас хайрыг цэцэг эсвэл зүрхээр зүйрлүүлж зурдаг.  Хайр бол хоёр болон түүнээс дээш тооны харилцан хамааралтай хүмүүс байгаа тохиолдолд л бий болдог ойлголт. 

Ийм учраас эхлээд тийм бүлэг хүмүүсийн хоорондын харилцааг ойлгож байж бид хайр гэдэг ойлголтыг нарийн тодорхойлох боломжтой. Гэр бүл, байгууллага, цаашлаад нийгэм гэдэг ойлголтыг тодорхой болгох шаардлага үүнээс урган гараад байгаа юм. Нийгмийг, гэр бүлийг бүрэлдүүлж байдаг гол бүтэц нь хүмүүс биш, бидний, хүмүүс хоорондын харилцаа юм. Энгийнээр хэлэх юм бол хаа хамаагүй хэдэн ч хүнийг цуглуулсан тэр нь нийгэм ч биш, гэр бүл ч биш юм. Нийгмийг эсвэл гэр бүлийг бүрдүүлж байгаа  харилцаа нь орон зай, цаг хугацаа, логикийн хувьд байнга өөрчлөгдөж байдаг учраас зурчихаж болдоггүй. Ийм ч учраас нийгмийг дүрсэлдэг цорын ганц арга нь өнөөг хүртэл үгээр ярих л арга байв. Ойлголтуудыг хоорондын харилцаандаа хэрэглэхдээ үгээр илэрхийлснээр хүн болгон өөр өөрөөр ойлгож улмаар нэгдсэн нэг ойлголт бий болж өгдөггүй гэмтэй. Үүний улмаас байнгын маргаан, мэтгэлцээн үүсдэг. 

Орчин үед системийн онол, системийн инженерчлэлийн арга хөгжсөнөөр нийгмийг бүрдүүлж буй харилцааг загварчлах боломжтой болсон. 

Жишээ нь манай нийгмийн дүр төрхийг тодорхойлдог албан ёсны бичиг баримт бол Үндсэн хууль юм. Үндсэн хууль сая өөрчлөгдөн батлагдахаасаа өмнө 6368 үгтэй байсан. Орсон үг болгон нь манай нийгмийн хэв маягийг тодорхойлоход хэрэглэгдэж байгаа ойлголтуудыг илэрхийлж байгаа. Зүйрлэж хэлбэл, манай нийгэм нь 6368 эд ангиас бүрдсэн машин юм. Эдгээр эд ангиуд нь бүгдээрээ логик холбоотой бөгөөд бүгд нийлж байж нийгэм гэдэг нэг том системийг бүрдүүлж буй. Нэг эд анги нь ажиллахгүй бол систем бүхэлдээ ажиллахгүй болно гэсэн үг.

Гэтэл эдгээр олон ойлголтуудыг нэг мөр, нэгдмэл утгаар хэрэглэхэд чиглэсэн шийдэл нь гараагүй байгаагаас нийгмийн гишүүдийн дунд ойлголтуудын маш олон  зөрчилдөөн үүсээд байна. 

Тухайлбал, төр гэдэг ойлголтыг хүн болгон өөрөөр ойлгодог. Иргэний хөдөлгөөнийхөн, улс төрийн намууд мөн л өөрсдийнхөөрөө ойлгодог. Түүгээр ч барахгүй өөр өөрсдөдөө ашигтай хувилбарыг сонгон тайлбар хийж ашигладаг. Ингээд миний зөв, чиний буруу гээд маргалдсаар, зөрөлдсөөр улмаар буруу, зөрүү шийдвэрүүдийг гаргаж бүтэлгүйтсээр байгаад нийгэм маань өөрт байгаа жаахан нөөцөө шавхаж тамирдаж унах гээд байна. 

Жаахан зальтай, гүйлгээ ухаан илүүтэй улс төрчид, иргэний эрх ашгаар халхавчилсан хүнд гарууд хүртэл Үндсэн хуулийн хэдхэн үгтэй нэг өгүүлбэрийг, нэг зүйлийг барьчихаад түүгээрээ өөрсдийнхөө атгаг санаа, өчүүхэн эрх ашгаа халхалж байгааг та бид бэлхнээ харж байна. Тэд Монгол Улсын нийгмийн харилцааны өнцөг булан болгоныг зохицуулж байгаа цогц хуулиас хэдхэн өгүүлбэрийг халхавч болгон ашиглаж  байна. 

Жишээ нь байгалийн баялаг бол ард түмний өмч гэдэг. Тэгвэл энэ өмчийг ашиглах эрх нь иргэн та бидний Үндсэн хуулийн 16-р зүйлээр баталгаажсан иргэн бүрийн эдлэх естой 18 эрхтэй яаж холбогдохыг бид мэдэж байна уу? 16-р зүйлд иргэн бүр таньж мэдэх, сурах, жагсах, хөдөлмөрлөх, бүтээх, эд хөрөнгө олж авах, үр шимийг нь хүртэх эрхтэй байхаар тогтоосон. Гэтэл байгалийн баялгийг бүгдээрээ тэгш хувааж хүртэх ёстой гэдэг Үндсэн хуульд байхгүй үзлээр байгалийн нөөцөнд суурилсан эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэдийнхээ хууль ёсны эрхэнд төр болон бусад иргэд халдаж томоохон зөрчилдөөн үүсгэж байна. 

Ийм л учраас Үндсэн хуулийн заалт, үг, өгүүлбэр болгоныг нэг мөр ойлгож, хэрэглэдэг болгоход чиглэсэн шийдлийг зайлшгүй олох хэрэгцээ бидний өмнө тулгараад байгаа юм.

 

-Ингэж нийгмийн эрх ашгаар халхавчлан тоглолт хийх боломжийг олгоно гэдэг бидний мэдлэг боловсролгүйд байна уу, эсвэл бидний сэтгэлгээнд учир байна уу?  

-Бидний сэтгэлгээнд хамаг учир байна. Бидний сэтгэлгээ бол байнгын өөрчлөгдөж байдаг, эрс тэс уур амьсгалтай орчинд дасан зохицож нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг байсан өвөг дээдсийн сэтгэлгээний хэв маягаас эхтэй гэж боддог. Үүнийг бид нүүдэлчний сэтгэлгээ гэж нэрлэе. Ази, Африкийн нүүдэлчдээс их өөр шүү. 

Бидний энэ сэтгэлгээнд олон давуу талууд бас олон сул талууд байна. Тийм ч байх ёстой байх. Давуу тал нь шийдвэрийг хурдтай гаргадаг, танин мэдэхдээ шаламгай, дасан зохицох чадвар сайтай. Эдгээрийн хажуугаар сэтгэлгээ нь цэгцгүй, бас тууштай биш. Чухам энэ сүүлийн хоёр шинжүүдийг би нүүдэлчин ахуйгаасаа өвлөж авсан сэтгэлгээний сул тал гэж хардаг. Аливаа асуудлыг бүтнээр нь, том зургаар нь хардаггүй. Өнөөдөр л болж байвал маргааш хамаагүй, би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн бэртэгчин араншинтай. Шуудхан хэлэхэд хоноцын сэтгэлгээтэй.  Нүүдэлчдийн сэтгэлгээгээр л бүх асуудалд ханддаг нь өөрсдөд нь эргээд гай тарьж байна.

Албан байгууллага, компани дээр хар л даа. Ихэнх ажилтан хэдэн төгрөг л авах гэж ажилд орж байгаа шүү дээ. Байгууллагаа, цаашлаад нийгмээ бүтнээр харж чадаж байна уу, тэр хүн. Би лав эргэлзэж байна. Тэр битгий хэл манай хэдэн улс төрчид хүртэл нийгмээ бүтнээр  нь харж чадаж байна уу?  Монголынхоо нийгмийг төдийгүй Зүүн Хойд Азийг, дэлхийн эдийн засгийг, сүүлийн үеийн хөгжлийн чиг хандлагыг, тэдгээрийн хоорондын харилцан хамаарал уялдааг томоор, бүтнээр нь харж чадаж байна уу? Харамсалтай нь үгүй л болов уу. Яаж бүтнээр нь, цогцоор нь харах аргаа ч мэдэхгүй байна.

 

-Таны бодлоор энэ гажуудлыг засахдаа юунаас эхлэх вэ?

-Нийгмийн загварын, өөрөөр хэлбэл нийгмийн дүр төрхийг бүрдүүлж байгаа хэв шинжүүдийн тухай ойлголтоо нэг болгохоос л бүх зүйл эхлэх нь зүйтэй байх. Манай нийгмийн дүр төрхийг тодорхойлсон албан ёсны шийдвэр бол Үндсэн хууль мөн. Иймд Үндсэн хуулиар тогтоосон суурь зарчим, хэв хэмжээний талаар ойлголтоо нэг болгох хэрэгтэй байна. Ингээгүй цагт бидний хамаг нөөцийг байнга шавхдаг олон олон зөрчилдөөн бидний дунд үүссээр байх болно. 

Системийн онол, системийн инженерчлэл гэдэг шинжлэх ухааны харьцангуй шинэ салбарт шинэ арга, аргачлал бий болсноор бидний оюун санаа дахь зарим хийсвэр ойлголтуудыг, тэр дотроо нийгмийн тодорхой зорилготой үйл ажиллагааг дүрслэх, зураглах боломж бүрдээд байна. Шинжлэх ухаан хөгжиж байгаагийн маш том давуу тал ч гэж болно. 

Үүнийг бид ашиглах ёстой. Тэгээгүй цагт өнөө л нүүрс, зэс, алт, улс төрчдөө  ярьсан хүмүүс хэвээрээ үлдэж хоцрогдоно. Бидний байнга ярьдаг түгжрэл, нүүрс, зэс, алт, өмхий үнэр, утаа, боловсрол, эрүүл мэнд, авилгал, гэмт хэрэг гээд ойлголтууд чинь бүгд нэг сэжмээр хоорондоо холбогдчихсон байдаг. Тэр холбоос нь та бидний сэтгэлгээ. Ийм учраас та бид сэтгэлгээгээ цэгцэлж байж энэ бүхнийг  бүтнээр нь, цогцоор нь  харахаас өөр арга байхгүй.  Үүний нэг адил Үндсэн хуулиар тодорхойлсон нийгмээ бид олон өнцгөөс харж байгаагаа цэгцэлж, нэг янзаар ойлгодог болох шаардлагатай. Ядаж л тийм оролдлого, санаачилга гаргах хэрэгтэй мэт санагдах юм. Иргэн ч бай , улс төрийн намууд ч бай, эрх баригчид ч бай ялгаагүй бүгд бүх шийдвэрээ Үндсэн хуулийн үзэл баримтлалтай яв цав нийцүүлж гаргах ёстой. Үндсэн хуулийн аль нэг өгүүлбэрт нь эсвэл заалтад биш шүү. Тэгэж байж л Үндсэн хуулиар тодорхойлж баталгаажуулсан  зорилгоо нийгэм маань хэрэгжүүлж чадна. Бид үүнийгээ хийгээгүй байж нийгэмд болж байгаа бүх сайн муугаа, бүтэлгүйтлээ хүртэл Үндсэн хууль руу чихдэг хандлагатай болчихлоо. 

Байшинтай болох мөрөөдөл, зорилготой хүний хийдэг үйлдэлтэй харьцуулбал барих гэж байгаа байшингийнхаа загварын зураг төслийг Үндсэн хуулиар тогтоочихсон гэсэн үг.  Гэтэл тэр зураг төслийнхөө дагуу байшингаа бариагүй байж энэ хууль муу юм байна, ерөөсөө л загвараа өөрчлөе гээд байж таарахгүй биз дээ. Манайд яг л ийм нөхцөл үүсээд байна. Олон олон хуулиуд, тэдгээрийн дотор 1990-ээд оны эхээр баталж гаргасан хуулиуд нь Үндсэн хуулийн үзэл баримтлал гэхээсээ илүү бидний хуучин нийгмийн үед хэрэглэдэг байсан хэвшмэл ойлголтууд дээр суурилан гаргасан хуулиуд байгаа юм билээ. Засгийн газрын тухай, Улсын Их хурлын тухай, Ерөнхийлөгчийн тухай гээд олон хуулиуд. 

 

-Системийн аргыг хэрэглэснээр бид нийгмийн тухай ойлголтоо хурдан цэгцлэх боломжтой юу?

Системийн онол, системийн инженерчлэлийн аргыг байгууллагын түвшинд хэрэглэх нь ихээхэн ач тустай гэдгийг олон байгууллага, компани ойлгож эхэлж байна. Түүгээр барахгүй улс, нийгмийн түвшинд хэрэглэх хэрэгцээ шаардлагын талаар нэлээд ярьж бичдэг болжээ. Энэ бол бидэнд асуудал байна гэдгээ ухамсарлаж, ойлгож эхэлсний шууд илрэл гэж хэлж болно. 

Аливаа нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн байнгын үйл ажиллагаа эрхэлж байгаа бүлэг хүмүүсийн байнгын үйл ажиллагааг тогтолцооны загварт оруулах боломжтой төдийгүй тийм арга аргачлал нэгэнт бий болжээ. Тэдний нэг нь манай тохиргоотой угсардаг систем / ТУС/ -ийн загварчилах аргачлал юм. 

Энэ аргачлалыг ашиглаад янз бүрийн үйл ажиллагааг нүдээр харж болохуйцаар нэг хавтгай дээр дүрслэлд оруулах боломжтой болсон. Хүмүүс тодорхой дүрсэлсэн, цаасан дээр буулгасан нэг зорилготой загвар харж байгаад хэлэлцэх нь нүдээрээ хаа хамаагүй, өөр өөр юмсыг эсвэл бие биенээ харж байгаад хэлэлцэж ярилцахаас хамаагүй илүү үр дүнтэй төдийгүй хурдтайгаар нэг ойлголтод хүрдэг. Нөгөө талаар зураглалаа ашиглаж байгаад өмнөх шийдлүүдээ мөн л хамтын хэлэлцүүлгээр байнга сайжруулаад байх боломжтой. Энэ системийн загварыг ашиглаад ямар ч тогтвортой үйл ажиллагааг, жишээлбэл: Үндсэн хуулиар тогтоосон үзэл баримтлалыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны загварыг зурчихаад тал талаасаа ярьвал ойлголтыг нэгдмэл болгох нь тийм ч хэцүү процесс биш. 

 

-Таны тэргүүлдэг Залуу судлаачдыг дэмжих сан ийм судалгаа хийсэн.  Судалгааны үр дүнгийн талаар танилцуулаач?

-Бид судлаачдын судалгааны багийг 2018 онд бүрдүүлээд Үндсэн хуулийн үзэл баримтлалыг дүрслэл, загварын хэлбэрт оруулах гэж оролдсон. Боломжтой юм билээ.

Судалгааны тайлан, дүгнэлтийг олон нийтэд хүртээмжтэй байлгах зорилгоор тус сангийн вэбсайтад байршуулсан байгаа. Хэн ч танилцах боломжтой шүү. /Энд дарна уу/ Үндсэн хуулийн үзэл баримтлалыг дээр дурьдсан аргачлалыг ашиглан загварт оруулаад тэр загвараа “Хэт” 16 гэж нэрлэсэн. 

ХЭТ гэдэг нь хүний эрх төвтэй гэсэн үгүүдийн товчлол. 16 гэдэг тоо нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол улсын иргэн бүрт хамааралтай, баталгаажсан, хамгаалсан иргэний эрхүүдийг илэрхийлж буй. 

Энэ заалтад заасан эрхүүдийн цаана ардчилалын нэр доор бидний сайтар таньж мэдээгүй хүний эрхийн тухай ойлголтууд биш, харин ямар ч хүн амьд байх, амьдрахад заавал хангагдаж байх учиртай, байгалиас заяагдсан бодит хэрэгцээнүүд байгааг бид сайтар ухамсарлах хэрэгтэй. Манай Үндсэн хуулийн 16-р зүйлээр иргэн бүрийн баталгаатай эдэлбэл зохих 18 эрхийг баталгаажуулсан юм билээ. Хөдөлмөрлөх, амьд явах, сурч боловсрох, бодол санаагаа илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, эд хөрөнгө олж авах, эдлэх хэрэглэх гээд байгалиас заяагдмал хэрэгцээнүүд байгаа биз. Ийм заяагдмал хэрэгцээнүүдийг “эрх” гээд нэрлэчихээр ямар нэгэн хаан эсвэл аль нэг засаг төрийн түшмэлийн  өгдөг зөвшөөрөлтэй хольж хутгаж ойлгодог бидний сэтгэлгээний хэвшмэл дутагдал бийг энд дурьдах нь зүйтэй гэж үзэж байна. 

Хүний заяагдмал хэрэгцээг хэн нэгний өгдөг, олгодог зөвшөөрөл мэтээр ойлгодог буруу ойлголтоосоо салах цаг болчихлоо шүү дээ. Харин ийм заяагдмал хэрэгцээ нь баталгаатай хангагдаж  байдаг нийгмээ л бид хүмүүнлэг, ардчилсан нийгэм юм гэж ойлгож хэвшмээр байгаа юм. Нөгөө талаар ийм нийгмийг байгуулах, үр шимийг нь хүртэх, улмаар нийгмийнхээ тогтолцоог өөрсдийнхөө болон бусдын санаатай болон санаандгүй халдлагуудаас хамгаалдаг байх, үүний тулд иргэн бүр идэвхи зүтгэл гаргаж тэмцэх шаарлагатай мэт. 

Идэвхитэй байна, тэмцэнэ гэдэг бол бид бүгд Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалд яв цав захирагдаж хэвших, энэ үүднээс бие биенийхээ өмнө үүрэг хүлээж сурахыг хэлээд байгаа хэрэг.

Ийм үүргийн тогтолцооны үзэл баримтлал  нь мөн л манай Үндсэн хуульд туссан байгаа юм. Үндсэн хуулийн 17 дугаар зүйлээр иргэн бүр бусад иргэдийнхээ эрхийг хүндэтгэх үүрэг хүлээнэ гэдгийг заагаад өгчихсөн байдаг юм билээ. Үүн дээр нь нэмж хэлэхэд Иргэдийнхээ 16 дугаар зүйлд заасан эрхийг баталгаатай эдлүүлэхэд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх үүргийг төрд Үндсэн хуулийн 19 дугаар зүйлээр ногдуулсан байдаг. 

Аливаа тогтолцооны зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч бүр тодорхой үйлдлүүдийг заавал гүйцэтгэж байж тухайн зорилго хэрэгждэг. Өөрөөр хэлбэл тухайн үйл ажиллагаанд оролцогч бүр үүрэг хүлээн, гүйцэтгэж байж сая нэг зорилгодоо хүрнэ гэсэн үг. Машины эд ангиудын араа шүд болгон нь тодорхой үүрэг гүйцэтгэж, хоорондоо уялдаатай хөдөлдөгтэй ижилхэн. Тогтолцоонд үүрэг хүлээдэггүй оролцогч байвал тэр оролцогч нь тухайн зорилгыг хэрэгжүүлснээр бий болох үр шимээс хүртэх эрхгүй байх ёстой хэмээн системийн онолд сургадаг. Тэр бүү хэл тэрхүү эрх хүлээдэггүй оролцогч нь тухайн системийн үйл ажиллагаанд юу юунаас илүү хортой үйл ажиллагаа явуулдаг нь нэгэнт нотлогдсон үнэн. Энгийнээр хэлэх юм бол Үндсэн хуулийн 16-р зүйлээр баталгаажсан  иргэний  эрх нь бусад хүмүүсийн  хүлээх үүргээр хангагддаг гэсэн үг. 

Дээрхи судалгааны үр дүнд Үндсэн хуулиар тодорхойлсон үзэл баримтлалд суурилсан нийгэм маань зорилгоо хэрэгжүүлэх чадвартай, системийн суурь хэв шинжийг бүрдүүлсэн юм байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

-Тэгвэл ийм боломжийн загвартай хэрнээ манай нийгэм асуудлаар дүүрэн байгаа юм бэ?

-Бид үүнийг нарийвчилж судлаж дүгнэлт гаргаж чадаагүй л байна. Гэхдээ нэг оролдлого хийж Үндсэн хуулиас гадна бусад салбар хуулиуд Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд байна уу? Байгаа бол хаана байгаа талаар авч үзлээ. 

Ингээд манай нийгмийг бүхэлд нь бухимдалд хүргээд байгаа олон асуудлууд  нь дараах хүчин зүйлүүдээс үүсч байна гэдэг дүгнэлтийг хийж байгаа. 

Нэгдүгээр шалтгаан: Улс төрийн намууд ямар ч үүрэг хүлээдэггүй. Монгол улсын Үндсэн хуулийн хамгийн эмзэг сул тал нь ч энэ байх. Болдогсон бол хамгийн түрүүнд үүнийг засмаар байгаа юм. Улс төрийн намууд төрийн эрх барих эрхийн төлөө өрсөлддөг, төрийн эрх барьдаг бүтэц шүү дээ. Үүрэггүй учраас хариуцлага тооцож болдоггүй. Үүрэг хүлээдэггүй байгаад зогсохгүй, төрийн бүтцэд оронгуутаа өөрсдийгөө баахан эрх дархаар хуяглацгаадаг. Тийм хуулиудыг улам олноор нь үйлдвэрлэн гаргаж байгааг та бид мэдэж байгаа. Ийм учраас жирийн иргэдийн хажуугаар гэмт хэрэгтнүүд, дарангуйлагчид, луйварчингууд нь нам руу очоод бүгэж байна. Өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалах гэсэн эдгээр нөхөд л намын ивээлд орж, төрийн нэрээр өөрийгөө хамгаалуулдаг нь нууц биш. Бүр цаашилбал өөрийн хувийн ашиг сонирхлоо төрөөр, намаар дамжуулж хүнтэй тооцоо боддог, унагадаг  зорилгоо биелүүлж байна. 

Хоёрдугаар шалтгаан: Манай ихэнх хуулиуд 90-ээд оны эхэн үед гарсан. Тэр үед гарсан хууль Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалд захирагдаагүй, хуучин нийгмийнхээ сэтгэлгээнд баригдаж гаргасан. Дарга нар маань манийгаа удирддаг, захирдаг байх ёстой гэж үздэг бидний хэвшмэл ойлголт.  Тэр нь юугаар илэрч гарч байна вэ гэхээр Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд төр дандаа үүрэг хүлээхээр заасан хэрнээ Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн тухай хуульд  дандаа эрхтэй байхаар заачихсан. Бидний төрийн гурван өндөрлөг гэж нэрлэдэг албан тушаалтнуудын үйл ажиллагааг зохицуулдаг хуулиудад тэдгээр албан тушаалтнуудад хүлээлгэдэг, хэмжиж болдог үүргүүд огт байдаггүй. 

Гуравдугаар шалтгаан: Хууль боловсруулан батлан гаргах ажлыг Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлдэггүй, хоноцын сэтгэлгээтэй явуулын түшмэлүүдийн үзэмжинд даатгацгаасан учраас хоорондоо үзэл баримтлалын болон утга санаа, ойлголтын маш их зөрчилдөөнтэй хуулиуд гарч байна. Ийм учраас иргэд, түшмэлүүд, шүүх, прокурорууд, улс төрчид хуулийг өөр өөрийнхөөрөө тайлбарлан хэрэгжүүлдэг болсон нь нийгэмд маш их бухимдал үүсгэж байна.

 

-Өндөр хөгжсөн орнуудад төр засаг нь бүгд үүрэг хүлээдэг шүү дээ. Гажуудал нь энд байх нь ээ?

-Хариуцлага хүлээдэггүй, ямар нэг үүрэггүй оролцогч тогтолцоонд орчихоороо системийг эвдэж гажуудуулдаг. Бугуйн цаг дотор тоос ч юм уу ус ч юм уу орчихвол тэр цагийг эвдэж орхидог доо. Түүнтэй л адил. Бидний амьдралд тохиож байгаа хамгийн эмгэнэлтэй  жишээг хэлье. 

УИХ-ын тухай хуульд “УИХ-ын гишүүн хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв гаргаж өгөх эрхтэй” гээд хар дээр цагаанаар биччихсэн байна. Уг нь энгийн логикоор бодоход л үүрэгтэй байх ёстой биз дээ. Ингэж гишүүд маань аливаа үүрэг хүлээхээс бүхий л боломжит аргаар зайлсхийж ямар ч хяналтгүй болчихсон, бас өөрсдөдөө  зориулаад ийм л хууль гаргаж байна шүү дээ. 

Бас “УИХ-ын гишүүн нь ажил үүргээ гүйцэтгэхдээ нийгмийн нийтлэг эрх ашгийг харгалзан үзэх эрхтэй” гэчихэж. Энэ чинь ариун явдал мөн үү? Харгалзан үзэх эрхтэй биш үүрэгтэй л байж таарна шүү дээ. Бүр нарийн яривал харгалзан үзэх биш харин ч тэд нийтийн эрх ашгийн төлөө л бүхнээ зориулна хэмээн амлаж сонгогдсон учраас тэдний аливаа үйлдэл нь нийгмийн эрх ашигийн төлөө зорилгод  захирагдаж байх ёстой бус уу?  

Мөн “Бусдын алдар хүндийг хүндэтгэх эрхтэй” гээд заачихсан. Ийм юм байж болох уу?  Засгийн газрын хуульд нийгмээ удирдана гээд заачихсан л тууж яваа. Тэгэнгүүт сэлэм жад эргүүлдэг сэтгэлгээтэй түшмэлүүд нь манийгаа удирдана гээд өнөө хэдэн чадахгүй байгаа бусад түшмэлүүдээ тойруулж суулгачихаад баруун солгойгүй загнаад, хашгираад л, шоудаад явж байна.

Яагаад ийм эмгэнэлтэй нөхцөл байдал үүсээд байна? Энд хэн нэгнийг буруутгах хэрэггүй. Эцэстээ бид мэдлэггүй, залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй учраас улс төрчдөд сул тал дээрээ тоглолт хийх боломж өгөөд байгаа хэрэг. 

 

-Бүх хүмүүс  нэг мөр ойлгодог загвартай болох үйл явц хэцүү юу?

-Хүн бүр хичээвэл нэг мөр загвартай болох нь боломжтой төдийгүй тийм ч хэцүү биш гэж үзэж байна. Манай нийгмийг машин байна гээд бодоод үз дээ. Толгойд чинь юу бууж байна? Араа, дугуй, кузов, мотор гэх мэтийн төсөөлөл буюу хэв шинжүүд хүн болгоны оюун санаанд буудаг даа. Машины тухай ойлголт байгаа биз. Тийм учраас хоорондоо машины тухай хүмүүс хоорондоо ярьвал 100 хувь биш юмаа гэхэд 80 хувь баттай ойлголцож чадна. Үүнтэй л ижилхэн шүү дээ. Ямар ч ойлголтыг дүрслэж зурах замаар системийн загвар руу оруулаад тэр зургаа хараад хэлэлцэж ойлголцож болно. 

Юутай ч бид Үндсэн хуулийн үзэл баримтлалд системийн шинжилгээ хийж загварыг нь гаргалаа. Иргэд та бүхэн ийм загварыг харж санаа оноогоо хэлж, ойлголтоо нэг болгох цаг нь болсон гэдгийг хэлмээр байна. Тэгэж байж энэ жүжиглэдэг, попордог улс төрчдийн замбараагүй үйлдлүүдийг хазаарлана, тэднийг иргэдийн хяналтад оруулна. Системийн загвар ашиглан бидний гаргасан Үндсэн хуулийн үзэл баримтлалын загвар төгс биш. Учир дутагдалтай зүйлс олон байгаа байх. Гэхдээ огт загваргүй байснаас буруу ч гэсэн ямар нэг загварыг хэрэглэсэн нь дээр. Яагаад гэвэл бид тэр буруу загвараа байнга сайжруулсаар байгаад  бүр илүү сайн загвартай болно. 

Ингэж нэг зүг харж хөдлөхгүй бол 3 сая загварыг оюун санаандаа агуулсан 3 сая хүн хоорондоо маргалдсаар, савалсаар  хамаг нөөцөө барна. Барсаар ч байгаа.  

 

-Ингэхэд монголчууд бид өмнө нь ямар нийгмийн загвараар явж ирсэн юм бэ?

-Монголчуудын бүтээсэн хамгийн анхдагч нийгмийн загвар нь Монголын нутаг дээр оршин тогтнож байсан эзэнт гүрнүүдийн үед гарсан загварууд л юм уу даа. Тэр үед тухайн үеийн нийгмийн харилцааг тодорхойлсон хамаг загвар, шийдэл тэр эзэн хаан хүний оюун санаанд л байсан юм болов уу. Хааны зарлиг, шийдвэрээр баталгаажсан, албажсан нийгмийн загварт хүн бүр захирагддаг байсан. Түүнээс хойш бид Манжийн толгойд захирагдсан гашуун түүх бий. Дараа нь Хятадын, Оросын толгойд захирагдсан. Ингээд 1990 онд өөрсдийн толгойтой болж Үндсэн хуулиар нийгмийн харилцааныхаа үндсэн хэв шинжүүдийг тогтоосон ч өнөөг хүртэл бүгд хүлээн зөвшөөрсөн  нийгмийн загвараа гаргаж чадахгүй л байна. Одоо бид нийгмийнхээ тухай салангид, тархай бутархай ойлголтуудаа нэгтгэж нэг ойлголттой болох цаг нь болжээ. Тэр загвар нь төгс төгөлдөр байх албагүй. Тийм загвар ч хорвоо дээр байдаггүй гэж би итгэдэг. Тэгэхдээ бусад улс орнуудыг хар даа. 

Бусад улс орнууд нийгмийнхээ өмнө тулгарсан болох, болохгүй байгаа асуудлаа засаж янзалсаар байгаад тогтолцоогоо овоо засаж янзлаад  авчихаж байна.

Харин бид алдаа дутагдлаа нуугаад л, бусад руу чихчихээд явдаг улс. Алдаа гаргасан хүнээ шоронд хийгээд л санаа амарчихдаг. Нөгөө хуулийн цоорхойгоо бөглөх, дахин хулгай, луйвар гарахгүй байхуйцаар доголдол, дутагдлаа засах ажил маань хаана байна? Чухам ямар шалтгааны улмаас алдаа, дутагдлууд гарав?, түүнийг яаж засаж залруулах вэ? гэдэг асуултууд хариултгүй байсаар л байна.  Мөн л бидний сэтгэлгээний сул тал юм даа. 

Барууны орнууд, Зүүн өмнөд Азийн орнууд түүхээ сайн бичдэг, болсон болоогүй асуудлаа ярилцаж маргадаг. Янз янзаар шинэ онолыг гаргаж ирээд туршаад үзэж байна. Болохгүй бол хуучин загвараа өөрчилж байна. Миний баттай мэдэж байгаа өндөр хөгжсөн орнуудын иргэдийн сэтгэлгээ биднийхээс хамаагүй илүү цэгцтэй байна. 

-Манай нийгмийн нээлттэй байдаг нь бидэнд ямар давуу тал болж чаддаг болов уу? 

-Энэ хорвоо, дэлхий дээр  асуудалгүй нэг ч хүн, нэг ч нийгэм, байгууллага, гэр бүл байхгүй. Асуудал бидний цэгцгүй сэтгэлгээний үр дагавар. Бидний бүтээгдэхүүн, хүүхэд гэж ч нэрлэж болох байх. Асуудал тулгарна гэдэг нь бид, би ямар нэгэн хийж байгаа зүйлийнхээ төлөвлөлт, хэрэгжилтэн дээр аль нэг оюуны шийдлийг дутуу гаргачихсан хэрэг. Өөрөөр хэлбэл дутуу судалсан, дутуу төлөвлөсөн, дутуу хэрэгжүүлсэн гэсэн үг. Харин тулгамдсан асуудлаа нуудаг газар их бий. Жишээлбэл манай хуучин нийгэм. Бүх юм сайхан байна гэж худлаа хэлж, ард түмнээ төөрөгдүүлж сурталддаг. Манай өнөөгийн нийгмийн хамгийн том давуу тал нь бид бүгдээрээ асуудалтай гэдгээ мэдэж байна. Мэдэж байгаа учраас бүгдээрээ бухимдаж, шийдэл хайж байна. Энэ бол агуу том давуу тал мөн. Одоо харин шийдэх арга замаа л цэгцтэй болгох хэрэгтэй. 

 

-Иргэн хүн тухайн нийгмийнхээ талаар мэдлэгтэй байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ?

-Өөрийнхөө мэдлэгийг сорьж үзье гэвэл энэ нийгмийнхээ талаар ойлголтоо дүрсэлж зурах гээд оролдоод үз. Хэрэв нэг минутын дотор зурж чадахгүй бол “Би энэ нийгмийнхээ загварыг мэддэггүй юм байна” гэсэн дүгнэлтийг Та баттай хийж болно. Мэдээж мэддэггүй гэдгээ мэдсэн юм чинь мэдэж судлах ёстой шүү дээ. Ядаж л Үндсэн хуулиа уншиж судлах хэрэг гарна даа. Ингэж нийгмээ танин мэдэх, улмаар сайжруулах ажлаа хийцгээе гэж уриалахаар бид урдах ажлаа хийгээд завгүй байна гэдэг. Завгүй гэдэг бол ердөө л шалтгаан нь шүү дээ. Ажил хийнэ гэдэг судалгаа шүү дээ. Таньж мэдэх зүйлээ хийгээгүй хүн ажлаа хийж чадах уу. Энэ бол ердөө л шалтаг, шалтгаан биш. Магадгүй аргаа мэдэхгүй байж болно. Ядаж аргаа мэдэхийн төлөө танин мэдэх аргуудад суралцах ёстой. Харин мэддэг дүр эсгээд худлаа хашгираад, шүүмжлээд суугаад байж таарахгүй.

Д.ЖАРГАЛСАЙХАН: АМЬДРАЛЫНХАА УТГА УЧРЫГ МӨНГӨӨР ХЭМЖСЭН НЬ МОНГОЛЧУУДЫН АЛДАА

  • Feb. 27, 2020, 8:19 a.m.
  • byЗСДС

Сэтгэлгээг цэгцлэх хэрэгцээ, шаардлагын талаарх "TUSS солюшн" ХХК-ийн захирал, Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн Д.Жаргалсайхантай хийсэн ярилцлага маань уншигчдын сонирхлыг татсан билээ. Тиймээс уг сэдвийг нарийвчлан задалж цувралаар хүргэхээр тогтож байна. Энэ удаа бид ярилцлагаа “хэмжүүр” хэмээх сэдвээр хийснээ толилуулъя.

-Хэмжүүр гэж юу гэдэг үндсэн сэдвээрээ асуултаа эхэлье?

-Уг нь хэмжүүр гэдэг бол тийм гүн гүнзгий, философийн олон онолуудын адил ойлгож хэрэглэхэд төвөгтэй ойлголт биш. Зүгээр л байнга өөрчлөгдөж байгаа орчинд хүн дасан зохицож амьд явах, амьдрахын тулд тэрхүү өөрчлөлтүүдийг байнга танин мэдэж байх хэрэгцээ шаардлагаас бий болсон, бид алхам тутамдаа хэрэглэдэг энгийн ойлголтуудын нэг юм. Амьдралд нь асуудал үүсэхээр бурууг, шалтгааныг нь бусад руу чихчихээд, асуудлуудаа шийдэж чадахгүй бухимдал дүүрэн амьдарч байгаад учир бий. Энэ бүхэн бидний сэтгэлгээний доголдлуудаас, түүний дотор хэмжүүр хэмээх ойлголтыг сайн таньж мэдээгүй, бас хэрэглээгүйгээс үүдэлтэй.

Хүн хоёр төрлийн өөрчлөлтийг байнга хэмжиж байдаг. Эхнийх нь цаг агаар, замын бөглөө, агаарын бохирдол гээд гадна орчны өөрчлөлтийг хэмжих юм. Үүнийг ажиглах, бүртгэх, хэмжих гээд хүн боломжийн хийж чаддаг. Гэтэл бидний гарт баригдахгүй, нүдэнд үзэгдэхгүй гэж ярьдаг ойлголт олон бий. Жишээлбэл, ажил, үүрэг, мэдлэг, амьдрал, үйл ажиллагаа зэрэг хийсвэр ойлголтуудыг хэмжих гэхээрээ бөөн асуудалтай тулгардаг.

-Хэмжих хэрэгцээг энгийнээр тайлбарлавал?

-Та өөрийгөө гудамжинд алхаж яваад гэнэт юм харахаа больчихлоо гэж төсөөл дөө. Тэгвэл яах вэ? Мэдээж цаашаа нэг ч алхам хийхэд бэрх болох учраас эхлээд гараараа тэмтэрнэ. Энэ бол орчин тойрноо мэдрэхэд шаардлагатай мэдээлэл цуглуулах үүрэгтэй эрхтэн нь доголдон өөр нэг эрхтнээрээ мэдээлэл цуглуулах гэж оролдож байгаа хэлбэр юм. Хэрэв ийм мэдээлэл байхгүй бол замд байгаа шонгийн модыг ч мөргөж, нүхэнд ч унаж мэднэ. Шонгийн модыг мөргөхгүй эсвэл нүхэнд унахгүй байхын тулд зөвхөн мэдээлэлтэй байх нь бас хангалттай биш. Учир нь тэр мэдээллийг ашиглаад шонгийн мод эсвэл нүх ойртож эсвэл холдож байгаа эсэхийг ойлгоход шаардлагатай өөрчлөлтийг хэмжих хэрэгтэй. Энэ зорилгоор хэрэглэгддэг ойлголт бол хэмжүүр юм.

Өөрөөр хэлбэл хүн алхах тусам ойртож буй тэр шон эсвэл нүхний тухай мэдээллийг тэр хүний нүд цуглуулж, түүнийг нь тархи ашиглан өөрчлөлтийг хэмжиж байгаа хэрэг. Бүр алхам тутамд шүү. Хэрэв энэ хэмжилт буруу бол шон мөргөн эсвэл нүхэнд унана. Жишээ болгон авч байгаа энэ тохиолдолд орон зайнд гарсан өөрчлөлтийг км юм уу метрээр хэмждэг. Учир нь энэ нэгж нь тухайн хэв шинжид тохирсон хэмжүүрийн нэгж юм.

Зайг кг-аар, халуун хүйтнийг метрээр хэмжиж болдоггүй. Ийм учраас л бидэнд бодитой, оновчтой, цаг үеэ олсон хэмжүүр, хэмжих нэгж хэрэгтэй.

-Нийгэм, байгууллага, гэр бүлийн хүрээнд оновчтой, тохирсон хэмжүүрүүдийг бид хэрэглэж чадаж байна уу?

-Ихэнх тохиолдолд чадахгүй байна. Нийгмийн хөгжил гэдэг түүнийг бүрдүүлж байгаа иргэдийн өдөр тутмын амьдралд бий болсон эерэг өөрчлөлтөөр дамжин илэрч байх учиртай. Нийгмээ хөгжүүлье гэсэн хэнбугай ч байсан эдгээр өөрчлөлтүүдийг оновчтой, алдаагүй хэмжих ёстой. Гэвч өнөөдөр энэ өөрчлөлтийг хэмжихэд албан ёсоор хэрэглэгдэж буй ганц хэмжүүр нь дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ / л байна. Дээр нь төсвийн орлого. Би саяхан нэг эмнэлэгт очиж урьдчилан сэргийлэх иж бүрэн шинжилгээг хийлгэлээ. Хариуг нь надад хэвлэж өгсөн. Шинжилгээний хариунд хүний биеийн ерөнхий төлөв байдлыг таньж мэдэхийн тулд 100 гаруй тоон үзүүлэлтүүдийг ашиглажээ. Хэрвээ ямар нэг өвчин эмгэг гарвал түүгээр ч барахгүй олон тоон үзүүлэлтүүд нэмж хэрэгтэй болох нь гарцаагүй. Тэгвэл ДНБ болон төсөвт хэдэн төгрөг цуглуулснаа хэмжих замаар бидний, иргэдийн аз жаргал, зовлон зүдгүүрийг хэмжиж болох уу?

-Мэдээж боломжгүй...?

-Тэгэхээр л энэ нийгэм өөртөө тулгарч байгаа асуудлуудыг танин мэдэх, цаашлаад өөрийгөө дэвшил өөдөө хөтөлсөн зорилго, бодлогоо боловсруулахад оновчтой хэмжүүрүүд дутагдаад байна гэдэг дүгнэлтийг хийхэд хүргэж байгаа юм. Ийм хэмжүүрүүдийг бий болгох оролдлогууд, санаачилгууд төрийн болон иргэдийн зүгээс сүүлийн үед гарч байгаа нь нийгмийн сэтгэлгээнд гарч байгаа их эерэг өөрчлөлт гэж боддог. Гэсэн хэдий боловч тэр хэмжүүрүүдийг тууштай хэрэглэж, ашигладаг болох тал дээр маш чамлалттай санагддаг. Ядаж л жил бүрийн улсын төсөв, нийгэм эдийн засгийн зорилтуудыг төлөвлөх, тайлагнах, Засгийн газар, улс төрийн намуудын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх дүгнэхэд хоорондоо уялдаатай, бүгд хүлээн зөвшөөрсөн, шуурхай, олон талт хэмжүүрүүдийг байнга хэрэглэж заншмаар байгаа юм. Байгууллагууд ч ялгаагүй. Санхүүгийн хэдэн илтгэлцүүрүүд, KPI гээд л хэдхэн хэмжүүрүүдтэй. Тэдгээрийгээ ашиглаад өөртөө тулгарч буй асуудлуудынхаа суурь шалтгаануудыг олж тогтоож дийлэхгүй л байна.

-Тэгвэл дүгнэлт хийх болгонд хэмжүүр хэрэглэнэ гэсэн үг үү?

-Тийм л дээ. Дээр авсан жишээн дээр хүн зүгээр л нэг жирийн алхам хийхдээ хэмжилтийг зайлшгүй хийдэг тухай ярилцсан. Тэгвэл одоо арай өөр жишээ авъя. Саяхан Ерөнхий сайд байсан 2 ч хүнийг Монгол улсад ашиггүй гэрээ байгуулсан, бусдад давуутай байдал олгосон байж болзошгүй гэдэг үндэслэлээр баривчилж саатууллаа. Тэгвэл тэдгээр эрхмүүдийг баривчилсан нь хэр үндэслэлтэй вэ гэдэг дүгнэлтийг хийхийн тулд Монгол улс гэж бид юуг ойлгож, улсын эрх ашиг гэж юуг хэлж байна вэ, тэдгээрийг юугаар хэмжих вэ гэдэг асуултад заавал хариулах шаардлагатай гэсэн үг. Тийм хэмжүүргүйгээр хийгдэх аливаа улс төрийн дүгнэлт нь хэн нэг албан тушаалтны үзэмжийн дүгнэлт байх болно. Улс гэдэг дотор иргэдийн эрх ашиг, хувийн хэвшлийн эрх ашиг хамрагдаж байна уу. Хамрагдаж байгаа бол тэдний эрх ашгийг юугаар , ямар нэгжээр хэмжиж байна вэ гээд олон олон асуултууд ар араасаа хөвөрч байна. Замын түгжрэлийг аваад үзье.

Замын түгжрэлийг буруулахаар арга хэмжээ төлөвлөхдөө бид уг түгжрэлийг үүсгэж байгаа шалтгааныг нь бүрэн оношилж чадав уу, тэдгээрийг бүрэн хэмжиж чадаж байгаа болов уу. Түгжрэлийг тийм хувиар бууруулна гэж амладаг. Тэгвэл үүнийг юугаар, ямар нэгжээр хэмжиж гэж. Хэмжигдэхгүй ойлголтыг ашиглаад байгаа юм уу гээд олон асуултууд хариултгүй л байна.

-Тэгвэл улсын эрх ашгийг бид өмнө нь юугаар хэмжиж байсан юм бэ?

-Хуучин тогтолцооны үед улсын төсөвт хэдий чинээ орлого оруулснаар нь улсын эрх ашгийг хэмжиж байсан. Гэтэл тэр үед бид бүгдээрээ улсын төсвөөс хоолоо олж иддэг, төрөө шүтэн дээдэлдэг байсан цаг. Харин өнөөдөр улсын, төрийн тухай ойлголт асар их өөрчлөгдсөн. Төр бол ердөө иргэддээ үйлчлэх ёстой байгууллага боллоо. Харин бодит байдал дээр улсын төсөвт хэдий их мөнгө олсон ч иргэдэд хүртээлгүй, харин ч тэрхүү мөнгөөр бялхсан төсвийг захиран зарцуулах эрх мэдлийн төлөөх тэмцэл улам нэмэгдсээр.

Энэ бол бид нийгмийн тогтолцоогоо сольж хууль, тунхгаа гаргасан мөртлөө хэмжүүрээ солиогүй байгаагийн зовлон.

Нэгдсэн, бүгд хүлээн зөвшөөрсөн, баримт фактанд суурилсан хэмжүүр байхгүй бол аливаа юмс үзэгдлийг хүн болгон өөр өөрийнхөө хэрэглэдэг хэвшмэл хэмжүүрээр хэмждэг. Ингээд тухайн асуудлаар өөр өөрсдийн хэмжүүрийг ашиглан хийсэн хэмжилтийн дүн нь хоорондоо зөрөөд ирэхээр маргадаг. Тэгэхээр тоон утгад шилжүүлж болдог, оновчтой хэмжүүр нь нийгмийн дунд зөвшилцлийг бий болгож, нийгмийн гишүүдийг нэгдмэл зорилготой болгоход маш чухал.

-Тэгвэл хэмжүүр байхгүй бол?

-Цахилгааны хэрэглээг хэмждэг тоолуур дээр жишээ аваад үзье. Та хэдий хэр тог цахилгаан хэрэглэснийг энэ багажаар маргаангүй зөв хэмждэг. Тиймээс төлбөрийг хураан авдаг, төлдөг хоёр хүний хооронд хэдэн төгрөг төлөх асуудлаар маргаан үүсдэггүй. Учир нь авсан нь хэрэглэсэн нь хөндлөнгийн тоолуураар нотлогдсон учраас. Хэрэв тоолуургүй байсан бол яах бол. Хоёр талаас бөөн зөрчилдөнө, ийм их цахилгаан хэрэглээгүй ч гэдэг юм уу. Тэгэхээр

Бид аливаа дүгнэлтийг хийх хэмжүүрээ гаргаагүй цагт гэр бүл ч , байгууллага ч, нийгэм ч хөгжиж чадахгүй

Энэ мэтийн байнгын зөрчил, зөрөлдөөн нь тухайн тогтолцооныхоо хамаг нөөцийг ховх сороод тогтолцоог мөхөл, хагацал руу хөтөлдөг нь хорвоогийн жам. Тогтолцоо гэдэгт нийгэм, байгууллага, гэр бүл, улс төрийн намууд зэрэг нийгэмд тодорхой үүрэг роль гүйцэтгэдэг бүтцүүдийг хамааруулдаг.

-Бид дэлхийн хөгжилтэй энэ зэрэгцэн хөгжихийн тулд хэмжүүр гэдэг ойлголтоо цэгцлэхээс эхлэх нь ээ?

-Хэмжүүргүй бол ахиц амжилт гарахгүй. Анх усны тоолуурыг суурилуулах талаар 1990-ээд онуудад нийгмээрээ хэлэлцэж байхад “Хэмжихгүй бол хэмнэхгүй” гэсэн сайхан нийтлэлийг сониноос уншиж билээ. Гэр хороололд амьдарч байгаа иргэд усаа өдөр болгон хэмжүүрээр авч тэр болгондоо мөнгө төлдөг. Гэтэл орон сууцны иргэд крантаа нээчихдэг тул хэр их ус хэрэглэж байгаагаа мэддэггүй байлаа. Харин усны тоолуур гэгч хэмжүүрийн ачаар л ус хэмнэж мэддэг болсон. Ерөөсөө хэмжүүр байхгүй бол хэрүүл, зөрчилдөөн тасрахгүй. Өөр нэг энгийн жишээг авъя. Бид хэн нэгэнтэй уулзахаар болзохдоо үдээс өмнө, үдээс хойш эсвэл үдийн алдад уулзъя гэдэг. Ийм хандлага ялангуяа төрийн байгуулlагууд дээр их өргөн ажиглагддаг. Өөрөөр хэлбэл, 4-6 цагийн нарийвчлалтай тохиролцохыг оролдож байна гэсэн үг. Ингэснээрээ, бид тэр их цагийг гарздаж байна гэсэн үг. Бид хэзээнээсээ л ингэж бүдүүн тоймын, ерөнхий хэмжүүртэй давхиж ирсэн. Хурал хийх болсон ч цагтаа ирдэггүй. Түрүүлж ирснээ шоолох шахуу, харин сүүлдэж ирсэн нь жинхэнэ Монгол болох жишээний.

Бид нэг бол огт хэмжүүргүй, эсвэл маш тоймын хэмжүүр хэрэглэдэг нь бидний маргаашийг, ирээдүйг булингартуулж баллаад байгаа.

-Тийм бүдүүн баараг хэмжүүр орчин цагт таарахгүй гэдгийг бид бүгд мэднэ дээ….

-Харин ээ… Нүүдэлчин ахуйд, тэр дотроо Монголын Их эзэнт гүрэн, Манжийн төрийн, коммунизмын ноёрхлын үед ч хэрэглэж болоод л байсан. Харин энэ арга барил шинэ цагийн өнгө аястай нийцэхгүй. Дэлхий нийттэй хөл зэрэгцэн алхахын тулд алхам тутмаа, өөрөөр хэлбэл үйлдэл тутмаа, түүний үр дагавар бүрийг бид хэмжиж сурахаас аргагүй.

Цаг, минут, секундээр өөрчлөгдөж буй орчин цагт бид “өнөө л их үд ,бага үдээрээ” хэмжиж дүгнээд сууж таарахгүй.

Манай нийгмийн өмнө тулгарч байгаа олон асуудал чухам ийм л сэтгэлгээнээс үүдэн гардаг. Tов тодорхой хэмжүүргүйгээс болоод бид хөгжихгүй, нөгөө Монгол гацаандаа хий эргэсээр л байх болно.

-Хэмжүүргүй байсаар асуудалд ороод байгаагаа мэддэг нь хэд бол, мэдэхгүй нь л олон болов уу даа?

-Оновчтой тоон хэмжүүргүй, түүнийгээ хэрхэн бий болгох арга замаа мэдэхгүй учраас олон асуудалтай тулгарч байна. Хэрэв мэдэхгүй байгаагаа мэдэж байгаа бол энэ нь том давуу тал. Гэтэл мэддэггүйгээ мэддэггүй улс зөндөө давхиж явна. Эдгээр бүлгийн хүмүүс нь их гуйвамтгай, бас шинэчлэл өөрчлөлтийг жад барин эсэргүүцдэг. Дээр нь мэддэггүйгээ мэддэг мөртлөө мэддэггүйгээ тас нуугаад мэддэг дүр эсгээд худлаа яриад , бөөн бүдүүн баараг тоонууд гаргаж ирж сошиал ертөнцөд постлоод явдаг хүмүүс бас бий. Тэд нийгэмд болон өөрсдөдөө олон асуудал үүсгэдэг. Эмгэнэлтэй нь тэр үйлдлээсээ болж өөрсдөө хохирч байгаа бас мэддэггүй.

Бас мэддэггүйгээ мэддэг мөртлөө мэдэхийг оролддоггүй, мэдэхгүйгээрээ хариуцлагаас зугтдаг, мэдэхгүйнхээ ард орж өөрийгөө хаацайлдаг хүмүүс ч байна. Энэ бүлгийн хүмүүс бол байнгын айдас түгшүүртэй, бас гутрангуй үзэлтэй болчихсон байдаг.

-Хэмжүүр байхгүй байгаа нь хөгжихгүйн нуугдмал шалтгаан болж гажуудалд оруулсан зүйл байх нь ээ?

-Хэмжүүр байхгүй бол бодит дата өгөгдөл байхгүй. Хэмжүүр бол шалгуурын үүрэг бас гүйцэтгэнэ. Хэмжүүр байхгүй бол шалгуур байхгүй гэсэн үг. Ингээд шалгуур нь байхгүй болохоор иргэд янз бүрийн сувгаар өөрт нь ирж байгаа мэдээлэлд шүүлтүүргүй, болгоомжгүй ханддаг. Нэрэлхүү зангаасаа болоод хэмжүүр нэхэхээсээ цааргална, чиний хэлж байгаад итгэхгүй гэж хэлэхээсээ ичнэ. Тэгээд л цааш нь тэр шалгаагүй мэдээллээ үнэн мэтээр түгээж гарна. Үүнийг нь улс төрчид маш сайн мэддэг, ашигладаг. Ямар сайндаа л “ бор шувуу нисгэнэ” гэдэг хэллэг гарсан байхав дээ. Тэр тэгж ярьж байна лээ гээд л. Өөрийнхөө оюун санааг хэмжүүрээр зэвсэглээгүй хүний ярьсан, нийгмийн сүлжээнд жиргэсэн , постолсон мэдээнд шууд л итгээд өөрийнхөө ухаан санааг самууруулна. Тэгээд цаашилбал бидний сайн мэдэх Д.Нацагдоржийн “Хуучин хүү” өгүүллэгт гардаг шиг амьдрал өрнөнө.

-Бид суурин амьдралд шилжээд 100 жил болж байна. Үүнтэй холбоотойгоор өнөө хэмжүүрийн асуудал яригдахаас аргагүй болжээ дээ?

-Миний бодлоор манай нийгэмд 2 ч том шилжилт явагдаж байна. Нэг шилжилтийг нь бид сайн мэднэ.Тэр нь коммунизмаас ардчилсан нийгэм рүү шилжих шилжилт юм. Энэ шилжилтийнхээ талаар бид гайгүй ойлгож, шинэ нийгэмдээ дасан зохицох гэж олон аргаар тасралтгүй оролдож алдаа, оноо аль алийг нь амсаж байгаа. Харин хүмүүст анзаарагдахгүй хэрнэ нийгэмд маш олон асуудал үүсгээд байгаа бас нэг шилжилт бол хүн амын дийлэнх нь суурин амьдрал руу шилжих процесс юм. Энэ явцад нүүдэлчин амьдралын олон суурь ойлголтууд суурин амьдралын олон ойлголтуудтай зөрчилддөг. “Энэ нэг хөдөөний юм, оркууд” гэдэг ч юм уу, эсвэл “энэ нэг Монголоо алдсан амьтан” гэдэг ч юм уу нэгнээ муу муухайгаар хэлж уцаарлахыг бид зөндөө бишгүй л сонсдог.

-Оркууд эсвэл Монголоо алдсан гэж нэгнээ буруутгаж байгаа нь жам ёсны процесс байх нь..?

-Энэ бол зөвхөн хоёр хүний хоорондын маргаан биш, хоёр янзын амьдралын хэв маягт зохицсон ойлголтуудын зөрчил илэрч байгаа хэрэг. Тийм учраас хэн нэгэнд нь буруу эсвэл зөв өгөх боломжгүй. Ийм үед бид өөрсдөө юуг үнэ цэнэтэй зүйл гэж үзэх вэ, бие биедээ яаж үнэ цэнийг бий болгох вэ гэдэг дээр ойлголтоо харилцан хэлэлцэж улмаар нэгдсэн ойлголттой болох шаардлагатай тулгарч байна. Ингэж ойлголтоо нэгтгэж хамтдаа нэг баг болж чадахгүй бол хөгжил дэвшил өөд тэмүүлэхэд тун бэрх. Нэг нь хөдөө эзгүй хээр явж байгаа юм шиг хэнэггүй монгол зан гаргаад, нөгөөх нь гадаадынхныг шүтэн биширч, уурлаж бухимдаад байвал юу болох вэ. Энэ үед хоёр талаасаа тэвчээртэйгээр ухаалгаар хандаж сурах ёстой. Бидэнд нэгнээсээ сурах зүйл ч, бие биендээ хэлж засаж залруулах алдаа дутагдал ч их бий. Өнөөдөр шуугиан тариад байгаа бөхчүүдийн гаргаж байгаа араншинг хар л даа. Асуудлаа ухаанаараа, зөвшилцлөөр шийдэхгүй, тэгж шийдэх аргаа олохгүй болохоороо хүчээр шийдэх гэж үзэж байна. Гэтэл ингэж хүчээр шийдэх гэж оролдох тусам асуудал нь улам даамжирна. Тэр ч байтугай олон асуудал шинээр гарч ирж асуудал нь илүү хурцдаж байгааг та бид бэлхэн харж байна.

-Эргээд харахаар ардчиллын тухай бидний төсөөлөл ямар ч хэмжүүргүй, дэндүү бүдүүн баараг байжээ дээ?

-Нийгмийн шинэ тогтолцоонд шилжихээс өмнө, шилжсэний дараах үед нийгэм, эдийн засгийн бүтэц маш энгийн байжээ. Компаниуд нь дөнгөж бизнесийн талбарт хөл тавиад тэдний үйл ажиллагаа нь ч бас энгийн, олон талт ээдрээт асуудал гэж бараг байсангүй. Гэр бүлийн хүрээнд ялгаагүй. Ингээд ардчиллыг тунхаглан бүгд л гараанаасаа гарахад бид ардчилсан нийгэмд амьдарна гэдгийг мөнгө л олох ёстой юм байна гэж ойлгосон. Тэр их мөнгөөрөө кока кола ууж, марлборо татаж, Мерседес бенз унаад америк маягийн тансаг хауст сууж амьдын жаргалыг эдэлнэ гэж төсөөлөөд бүгдээрээ л мөнгө, хөрөнгөний араас зүг чиггүй давхичихсан хэрэг. Өөрөөр хэлбэл амьдралынхаа утга учрыг мөнгөөр хэмжсэн. Харин одоо бид давхиж давхиж байгаад бахардаад зогсож байна. Тэгэх ч ёстой юм.

-Яагаад...?

-Яагаад гэвэл нийгмийн амьдрал илүү нарийн бүтэцтэй, том болсон төдийгүй бидний бүгдийнх нь эрх ашиг нь хоорондоо харилцан хамааралтай, шүтэлцээтэй болоод эхэлчихсэн хэрэг. Түүгээр ч зогсохгүй нийгмийн зарим гишүүдийн эрх ашиг нь хоорондоо зөрчилдөөд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудал болон хувирчээ. Тулгарч байгаа асуудлууд нь ч илүү нарийн, төвөгтэй болж ирсэн.

Одоо бид ухаалгаар сэтгэлгээгээ өөрчилж, цэгцэлж л асуудлуудаа шийдэхээс өөр аргагүй.

Бидний өмнө тулгарсан асуудлуудыг үүсгэж байгаа суурь шалтгаануудыг олж тогтоон улмаар түүнийг өөрчлөхөөс наана хүчээр, албадлагаар эсвэл мөнгөөр асуудлуудыг шийдвэрлэх боломж үгүй. Тийм суурь шалтгаануудын нэг нь хэмжүүр байхгүй байгаа явдал мөн.

-Хөгжсөн орнууд хэмжүүртэй холбоотой асуудлаа олоод харчихсан, ойлгочихсон байх нь ээ?

-Мэдээж асуудалгүй орон гэж байхгүй. Гэхдээ олон улс орон мэдлэгт суурилсан эдийн засаг, нийгмийг бий болгоно, хөгжүүлнэ гэдэг чиг хандлага руу орчихлоо шүү дээ. Мэдлэг, инноваци гэдэг ойлголт чинь мөн л хэмжихээс л эхэлж байгаа юм. Хэмжүүр байхгүй бол ямар мэдлэг байх билээ. Мэдлэгт суурилсан нийгмийг бий болгох санал, санаачилгыг дэмжих үүднээс Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага / OECD/ мэдлэгт суурилсан нийгмийн жишиг загварыг гаргачихсан байна лээ. Гэтэл бид нар мэдлэгт суурилсан эдийн засаг руу чиглэхгүй “нөгөө муу хэдэн толгойнуудынхаа” тухай ярьж өдөр хоногийг аргацааж байна. Ийм аргацаасан хандлагын цаана тархиа ажиллуулахгүйгээр нөгөө хэдэн толгойнуудаас бэлэн хоол олоод идчих юмсан гэдэг бэлэнчлэх сэтгэлгээ, залхуурал л байна уу даа.

-Ингэхэд аз жаргалын хэмжүүр гэж байх уу ?

-Тийм хэмжүүрийг гаргах гэж хүн төрөлхтний түүхэнд олон оролдлого хийгдсэн тухай олж уншсан шүү. Энэ дэлхийн 7 тэрбүм хүн бүгдээр хүлээн зөвшөөрсөн хэмжүүрийг гаргаж чадаагүй, тэр хэмжүүрийн эрэл хайгуул үргэлжилсээр байна. Одоо болтол хариултыг олж чадаагүй.

Аз жаргалтай байх нь хүний өөрийгөө танин мэдэхээс эхэлдэг зүйл. Өөрийгөө танин мэднэ гэдэг бол юуны өмнө өөрийнхөө хэрэгцээгээ мэддэг, бас хэмждэг болохыг хэлэх байх.

Хэрэгцээгээ таньж мэдэхгүй, түүнийг хэмжих хэмжүүргүй бол аз жаргалтай эсэхээ мэдэхгүй яваад л байна гэсэн үг дээ.

-Та ер нь яагаад энэ сэдвийг ингэж гүн гүнзгий барьж авсан юм бэ?

-За нэг их гүнзгий, энэ тэр гэж яриад яахав. Амьдрал бол өөрөө агуу багш гэдэг дээ. Хариуцаж байгаа байгууллага, үйл ажиллагаандаа олон олон асуудалтай тулгарсан. Тэдгээрийг үүсгэж байгаа шалтгаануудыг олж тогтоох нь миний хариуцсан байгууллагын хувьд цаашид оршин тогтнох уу үгүй юу гэдэг асуудал болон хувирсан юм. Тэгэхэд л асуудлаа шийдвэрлэх гаргалгаа нь хэмжүүр гэдэг зүйл рүү хөтөлж байгааг анх ухаарсан.

-Магадгүй тантай санал нийлэхгүй, үгүйсгэх хүн ч зөндөө гарч мэднэ…?

-Би нэг гоц ухаантайдаа энэ бүхнийг яриад байгаа юм биш шүү. Монголын нийгэм бүхэлдээ дөнгөж л шинэ нийгэмдээ дасан зохицож амьдрахыг сурч төлөвшиж яваа. Би ч бас энэ нийгмийн эд эсийн хувьд бусадтай адил суралцаж байна. Харин суралцах арга барил маань зарим хүмүүсийнхээс арай цэгцтэй байж мэднэ. Сэтгэлгээгээ цэгцтэй болгох замаар өөрийнхөө амьдралд ч, компанийнхаа үйл ажиллагаанд ч ахиц, дэвшилт гаргасан хүн олон бий. Тэд гол нь учирч байсан бэрхшээл, асуудал, бүтэлгүйтлээ юунаас үүдэн бий болов, өөрсдөө юуг нь дутуу тооцов, дутуу хийв гэдгээ л сайн таньж мэдэж чадаад байгаа юм. Ингэж бүтэлгүйтлийнхээ шалтгааныг таньж мэдэж чадна гэдэг чинь бүтэлгүйтлээ давуу тал болгож чадна гэсэн үг. Магадгүй миний дээрх дүгнэлтүүд буруу байж болно. Хэрвээ тийм байвал би энэ сэдвийг хөндөж ярилцсанаараа бусдаас зөвийг нь олж сонсох боломж бүрдэнэ шүү дээ.

-Хүн хэмжүүрийн тухай ойлголтыг хэдэн наснаасаа өмнө мэдчихсэн ойлгочихсон байх ёстой гэж та боддог вэ?

-Ерөөсөө хүн болгон хэмжүүртэй болох, түүнийг хэрэглэх талаар ойлголттой, дадлагатай, туршлагатай болохыг хичээх хэрэгтэй. Хэмжүүртэй болох, хэмжүүртэй байх нь зүйтэй гэдэг ойлголтыг хүүхэд наснаас нь хүний тархинд нь суулгаж төлөвшүүлчих юм бол ч нийгэм урагшлаад л ирнэ гэж итгэдэг. Хэрэв цэцэрлэгийн наснаас нь үүнийг төлөвшүүлчихвөл хүүхдэдээ, ирээдүйдээ хийж буй том хөрөнгө оруулалт болно.

мэдээллийн эхийг peak.mn /news авсан болно.

"Ухаалаг Улаанбаатар хотын жишиг загвар боловсруулах нь" судалгааны ажлын үр дүнгийн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

  • Sept. 9, 2020, 6 p.m.
  • byЭ.Уянга

Энэ оны 7 дугаар сараас эхлэн Залуу Судлаачдыг Дэмжих Сан ТББ болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран хэрэгжүүлж байгаа "Ухаалаг Улаанбаатар хотын жишиг загвар боловсруулах нь" судалгааны ажлын үр дүнгийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус судалгааны ажлын зорилго нь "Ухаалаг Улаанбаатар хотын жишиг загварын суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх". Өөрөөр хэлбэл ухаалаг хот гэдэг бол технологжсон хот гэсэн хязгаарлагдмал ойлголтыг халж асуудлаа тухай бүр шуурхай танин мэдэж, шийдвэрлэх чадвартай чанартай өгөгдлийн системтэй ухаалаг хотын хэв шинжийг тус судалгааны ажлаар харуулахыг зорьж байгаа юм.

Нөгөө талаас нийгмийг бүтээж буй оролцогчдын хүлээх үүрэг, хариуцлага, эрхийг тодорхойлох, түүний хэмжүүр үзүүлэлтийг бий болгох, оролцогчдын дунд нэгдсэн ойлголт, зорилгыг бий болгосноор хамтын хүчээр үүрэг, хариуцлагаа мэддэг, ухамсарладаг ухаалаг хотыг бий болгох боломжтойг тус судалгааны ажлын үр дүнгээс харах боломжтой билээ. 


 

 

 

Залуу Судлаачдыг Дэмжих Сан ТББ болон НИТХ хамтарсан "Ухаалаг Улаанбаатар хотын жишиг загвар боловсруулах нь" судалгааны ажлын танхимын хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

  • Aug. 22, 2020, 3:50 p.m.
  • byЭ.Уянга

Хэлэлцүүлэгт "Залуу судлаачдыг дэмжих сан" ТББ-ын тэргүүн, доктор  Д.Жаргалсайхан болон залуу судлаачид, мэргэжилтнүүд мөн Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын Инноваци технологийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар оролцон судалгааны талаар санал солилцов. 

 

Тус судалгааны ажил нь “ЗСДС” ТББ-ын санаачлагаар энэ оны 7-р сараас эхлэн 10 залуу судлаачийн бүрэлдэхүүнтэйгээр явагдаж байна.  “Ухаалаг хот” гэдэг нь техникжиж, технологижсон хот биш, харин асуудлаа тухай бүр шуурхай танин мэдэж, шийдвэрлэх чадвартай байх учиртай. Үүний тулд өгөгдлүүдийг бүрэн, тасралтгүй цуглуулан  инженерчилсэн сан бүрдүүлж боловсруулдаг, тулгарсан асуудлуудынхаа суурь шалтгаануудыг тухай бүр шуурхай танин мэдэж үр дүнтэй шийдвэрлэдэг байх, хотын оршин суугчид суурь хэрэгцээгээ харилцан тогтвортой хангахад шаардлагатай хүртээмжтэй нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэйг судлаачид хэлэлцүүлгийн үеэр онцлон хэллээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

info@mongolforum.mn
© YoungResearcher. 2020

Хамтрагч байгууллагууд

Сошиал хаяг

Цахим товхимолд нэгдэх

Цахим товхимол имэйл-ээр авахыг хүсвэл бүртгүүлнэ үү
ЭНД БҮРТГҮҮЛЭХ
info@mongolforum.mn

Partners

Social

Join our Newsletter

To be more intimately engaged with our activities and get direct responses from the team.
REGISTER HERE
© YoungResearcher. 2020